Thursday, January 3, 2013

Фитнесс - хичээлийн төрлүүд





Ямар ч фитнесс клубт очсон фитнесс программын хамгийн түгээмэл төрлийн нэг болох аэро­бикийн хичээлийг танд санал болгоно. Та бүжиглэж чаддаггүй ч гэсэн хөгжмийн хэмнэлд дасгалаа хийхийг хүсвэл биеийн ачаалал даах чадварыг дээшлүүлэх, жин хасах, бие галбир засахад чиглэгдсэн хөнгөн хэмнэлтэй аэробикийн дасгалуудыг сонгоорой.
Энгийн аэробикаас гадна степ-аэробикийн хичээлүүд гэж байх ба үүнийг степ-аэробик хийхэд зориулагдсан тусгай шалтай танхимуудад багшийн удирдлага доор хийнэ. Нэг удаагийн степ-аэробикийн хичээл нь дунд зэргийн хурдтайгаар 20 км гүйсэнтэй тэнцдэг ажээ. Үүнээс гадна бүжгийн аэробикийн төрөл байдаг ба энэ нь танд орчин үеийн, латин америкийн, арабын гээд дуртай бүжгээ хийж сурахаас гадна бие галбираа засах, илүүдэл жингээ хасах зэрэг боломжийг олгох юм. Хэрвээ клуб нь бассейнтай бол аква-аэробика, аква-джоггинг (усан доторх спорт алхалт), скуба - дайвинг гэх мэт олон төр­лийг баг­таасан аква-фитнессийн прог­раммтай байдаг.
  Дээр­хээс гадна олон төрлийн тусгай хичээлүүдийг өөр­төө баг­таасан фитнесс програм­муудыг фитнессийн мэргэжлийн багш нар боловсруулсан байдаг. Үүнд: каратэ, тайэквандо, айкидо, дзюдо, бокс зэрэг тулааны урлагуудын элементүүдийг агуулсан тусгай хичээл, дасгалууд; йогийн хичээл, бусад бясалгалын төрлийн хичээлүүд багтана.
  Мэдээж хэрэг фитнесс клуб болгон жижиг штангаас эхлүүлээд гүйлтийн тусгай замууд хүртэлх дасгал хийх бүх л төрлийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоног­логдсон фитнесс танхимуудтай байх ба та мэргэжлийн багшаас зөвлөгөө авсаны дараагаар өөрт тохирох дасгалуудыг тохирох ачаалалтайгаар хийж эхлэх юм.
  Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, озон­жуулсан бассейнтай, SPA салонтой, нүүрний болон биеийн массаж, үсчин, гоо сайхан гээд олон төрлийн дав­хар үйлчилгээтэй фитнесс клубын гишүүнчлэлийн карттай болох эсэх нь таны эрүүл мэнд, бие бялдартаа зарцуулахад бэлэн буй мөнгөний хэмжээ өөрөөр хэл­бэл түрийвчний тань зузаанаас шалтгаална. Гэхдээ “Impossible is nothing” буюу “Болохгүй зүйл гэж байдаггүй” гэдэгчлэн эрүүл саруул амьдрах эрмэлзэлтэй, бие галбиртаа анхаарах хүсэлтэй та хэзээ ч ямар ч нөхцөлд өөрт тохирох сонголтыг хийх боломжтой бөгөөд мэргэжлийн багш нарын зөвлөгөөний дагуу дасгал, хөдөлгөөнийг тогтмол хийж, зөв хооллож, зөв амьдрах хэвшилтэй болбол өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд амархан гэдгийг сануулмаар байна.


Фитнессийн давуу талууд

  Фитнессээр хичээллэх нь олон сайн талуудтай бөгөөд дараах төрлийн чадваруудыг бие хүнд бий болгоно: Биеийн ерөнхий ачаалал даах чадвар: биеийг хэт хурдан ядрахаас сэргийлэх, ажлын ачааллыг дааж сургах, ачаалал авсаны дараагаар биеийг түргэн хугацаанд нөхөн сэргээх чадвар Хурд хөгжүүлэх чадвар: тодорхой хугацааны туршид тогтмол хурдтайгаар аливаа ажлыг хийж гүйцэтгэх чадвар Уян хатан байдлыг хөгжүүлэх чадвар: биеийн арьс болон булчин шөрмөсний эд эсийн нэгдмэл чанарыг хангах чадвар Биеийн зөв харьцааг барих чадвар: биен дэхь өөх тосны хэмжээг хэвийн түвшинд хүргэж, яс болон булчингийн зөв харьцааг барих чадвар. Ер нь фитнессийн ийнхүү хурдан түргэн хөгжин дэлгэрч байгаагийн гол нууц нь фитнессээр хичээллэгчид нь хэзээ ч хүнд хэцүү дасгал, хөдөлгөөн, хатуу хоолны дэглэмээр өөрийгөө ядраах, зовоох шаардлагагүйд орш­дог. Фитнессээр ямар ч хүн дуртай үедээ, дуртай цагтаа, өөрт тохирох ачааллын дагуу хичээллэх боломжтой бөгөөд гол нь фитнессээр тогтмол хичээллэснээр таны авах бие болоод сэтгэлийн таашаал гэдгийг онцолмоор байна. Мэдээж хэрэг энд мэргэжлийн туслагчид буюу фитнессийн багш нарын заавар зөвлөгөөг дагах нь чухал бөгөөд системгүй зүйл ямар нэгэн үр дүнд хүргэхгүй нь ойлгомжтой билээ.

Фитнессээр хичээллэхэд анхаарах зүйлс

Хичээллэж эхлэхийн өмнө бие болоод сэтгэлээ тодорхой хэмжээнд бэлдсэн байх шаард­лагатай.
Мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аван, биеийн эрүүл мэндийн ерөнхий байдлыг тодорхойлуулж, ямар нэгэн ужиг өвчин, гэмтэл зэрэг спорт, фитнессээр хичээллэхэд саад болох зүйлс байгаа эсэхийг мэдэж авсанаар биеэ тодорхой хэмжээнд бэлдэнэ гэсэн үг.
Сэтгэлээ бэлдэх гэдэг нь фитнессээр хичээллэснээр таны олж авах давуу талууд, бий болох үр өгөөжийг бүрэн ойлгон, аль болох өөрийгөө дайчлан хичээллэхээ ухамсарлах, эерэг сэтгэл хөдлөлийг өөртөө бий болгох явдал юм.
Өөрийн сэтгэлд нийцэх фитнесс клубыг олж сонгон, мэргэжлийн багш нартай уулзан зөвлөгөө авч, тэдгээрийн тусламжтайгаар өөрт тохирсон фитнесс программыг боловсруулах нь чухал.
Фитнессээр хичээллэхийн өмнө урдаа тодорхой нэгэн зорилт тавьсан бол үр дүнг нь заавал шалгаж бай. Жишээ нь турахаар шийдсэн бол хичээллэж эхлэхээс өмнөх болон дараах үеүүдэд биеийн жингээ шалган үзэж үр дүнг нь харах нь чухал.
Хичээл болгоны өмнө бие халаах дасгалуудыг хийж заншаарай. Шууд их хэмжээ­ний ачааллыг өөртөө өгөх шаардлагагүй. Хичээллэж дууссаныхаа дараа­гаар шүршүүрт орж байх нь зүйтэй бөгөөд энэ нь хичээллэх явцад ялгарсан тос хөлсийг биеэс зайлуулахаас гадна алжаал тайлах давуу талтай.
Хичээлийн дараагаар бие организмын ус болоод витамин, эрдэс бодисын харьцааг алдаг­дуулахгүйн тулд цэвэр ус, жүүс, витаминжуулсан коктейл, сокууд болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох ургамлын цай зэргийг ууж болно.
Сайн үр дүнд хүрэхийн тулд хичээнгүй байж, дасгал хөдөл­гөөнийг тогтмол цагт, тодорхой дараалалтайгаар хийж сурах шаардлагатай. Хичээллэхдээ дэндүү их хооллосон эсвэл өлссөн байх нь зохимжгүй.
Дасгал хөдөлгөөнийг хийхэд биед эвтэйхэн, хөвөн даавуун материалаар хийсэн хувцсыг сонгох хэрэгтэй. Хичээллээд олж авсан энергээрээ идэвхтэй амьдрах хэрэгтэй. Үргэлж гэрэл гэгээ, халуун дулаан хайрыг бусдад мэдрүүлж бай.
Хүмүүстэй эвтэй найрсаг харилцаж, тэдэнд инээмсэглэл бэлэглэж байвал та бусдад хайр, өөртөө гоо сайхан, эрүүл мэндийг бэлэглэж байна гэсэн үг.
Гол нь бие болоод сэтгэлийн зохицлыг олсноор хүн эрүүл энх, гоо сайхан харагдана гэдгийг битгий мартаарай! 

No comments:

Post a Comment